menu

Tuesday, December 24, 2013

Сонинд өгсөн ярилцлага



“Зууны мэдээ” сонины 2013 оны 10 сарын 30 ны дугаарт хэвлэгдсэн ярилцлага

ХИЧЭЭЛ БҮРЭЭ АМЬДРАЛЫНХАА ХЭРЭГЦЭЭ БОЛГООСОЙ ГЭХ СЭТГЭЛИЙГ БАРИН СУРАЛЦАГЧДАДАА ХАНДДАГ ДАА

“Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн хэлбичгийн ухааны тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш докторант Б.Мөнхцоожтой ярилцлаа.
Блиц:
Таны мэргэжил? Англи хэлний багш орчуулагч
Албан тушаал? “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш
Англи хэлний багшаар хэр удаан ажиллаж байна?
-       1997 оноос хойш англи хэлний багшаар ажиллаж байна.
-       Англи хэлийг  сонгож мэргэжсэн нь багш хүнд тэр тусмаа “А” үсгээс нь 12 дугаар ангийг дүүргэтэл эрдэм заадаг багш нарыг бэлтгэдэг сургуулийн багш байна гэдэг нэн бахархалтай юм. Та ер нь мэргэжлээ өөрчлөн энэ мэргэжилд шунан дурласан нь юунаас болсон вэ?
-       Улс орон маань ардчилсан нийгмийг сонгож дэлхий бидэнд илүү нээлттэй болох тэр үед би Оросын Холбооны улсад хүний эмч болохоор суралцаж  байсан юм. Барууны дуу хөгжим, соёлыг сонирхож хөгжилтэй улс орны залуустай хамт суралцаж явсан маань намайг англи хэлний хүн болоход илүү их нөлөөлсөн .
-       Оюутан цагаасаа л хэлний авьяастайгаа илрүүлж, бүүр мэргэжлийн болтлоо дурлажээ дээ.  Ер нь хэлний авьяасгүй хүн гэж байх уу?
-       Тийм ээ, хэл бол олон улстай ойлголцох түлхүүр, Хэлийг маш богино хугацаанд сурах авьяастай хүн гэж байна. Гэхдээ хэл сурдаггүй хүн гэж байхгүй. Өөрөө хичээгээд үнэхээр хүсч чадвал монголчууд хэлний авьяастай ард түмэн. Эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон бидний бие организмын өгүүлэхийн эрхтний онцлог гадаад хэлийг зөв, цэвэр дуудлагатай су оюутнууд өөртөө зорилго тавиад чармайх юм бол, программт сургалтаас дутуу өгч байгаа зүйл байхгүй л дээ.  Англи хэл заах арга зүйн багшийн хувьд хүн ер нь хэлийг яаж сургавал, яаж сурвад дөхөмтэй байдаг бол ?
-       Гадаад хэлний хичээл бол соёл хоорондын солбилцол, соёл хоорондын харилцааны дадлага юм. Хэлийг сурна гэдэг нь тухайн улс үндэстний түүх, газар зүй, соёл, ёс заншил, үндэсний сэтгэлгээний онцлогийг ойлгож танихаас эхтэй. Жишээлбэл англи хүн маш их азтай байгаагаа “blue sky гэж хэлдэг нь ихэнхдээ манантай бүрхэг тэнгэртэй байдаг, цэлмэг хөх тэнгэрийг  ховорхон хардаг цаг агаарын онцлогоос үүдэлтэй бизээ. Оросууд “дождь идёт”- бороо явж байна, англичууд “it is raining- бороо байна, монголчууд “бороо орж байна” гэх мэтээр нэг л юмыг өөр өөрөөр хэлж байх жишээтэй. Англи хэлийг сурахын тулд  эх хэлтэйгээ зэрэгцүүлэн судлах нь илүү үр дүнтэй бөгөөд өөртөө англи хэлний орчноо бүрдүүлж байх хэрэгтэй юм. Орчин гэхээр л эргэн тойронд англи хэлтэнгүүд байхын тухай биш юм. Хичээлээсээ тараад явж байхдаа орой зурагт үзээд сууж байхдаа болж байгаа процесс, хүмүүсийн хэлж ярьж байгааг англиар  хэлэх гэж оролдохоос л эхлэх учиртай.  Ер нь тэгээд эхлээд хүс, дараа нь зүтгэ, зорилготой бол ямар ч нөхцөлд юуг ч хийж болдог сайхан сайхан туршлага жишээ зөндөө шүү.
-       Хамгийн сайхан мэргэжил ганцхүү багш хүнд заяажээ гэдэг. Тийм болохоор та чангуурынхаа оронд сургах үйл буюу эрдэм түгээх эрхэм нандин энэ үйлсийг сонгон авсан байх. Сайн багш байхад  юу эрхэм вэ?
-       Манай “Гурван эрдэнэ” багшийн сургуульд алс хязгаар нутгаас, аймаг бүрээр багшийн мэргэжилд дурласан оюутнууд элсдэг. Дурлаад сонирхоод элсэж байгаа нь сайхан хэрэг. Сумын сургуулиас, аав ээжийнхээ гар дээр дөнгөж 17 нас хүрэв үү үгүй юм ирж байгаа оюутнуудад хот нь ч шинэ, найзууд ч шинэ, сургууль ч шинэ. Эхэндээ алмайрах, сатаарах зүйл бишгүй л байх шүү дээ. Иймд эхний үед манай сургууль их хотын хэмнэлд тааруулан амьдрах ухаанд сургахад анхаардаг.   Хотын амьдралд ажлаа хэрхэн төлөвлөх, номын санд яаж үр дүнтэй суух, номтой хэрхэн ажиллах уншиж ойлгож сурах, бие даан амьдрах талаар зөвлөлгөөг хангалттай өгдөг уламжлалтай.
-       Нээрээ ч багш болох гээд ирж байгаа шинэ оюутнууд ахлах ангийн сурагчид шиг л насандаа ирдэг байх даа.
-       Тийм ээ, багш гэдэг, хүнээр хүн хийдэг  мэргэжлийг эзэмшихийн тулд юуны түрүүнд хүүхдэд чин сэтгэлээс, хандах арга барилыг хэвшил болгох ёстой. Аливаа хүн “би- бие”-ээ мэдэрч, гэмээ ухааран, зөвөө ойлгоод, зорилго чиглэлээ олоод авсан байхад хэр баргын юманд барьц алдаад байхгүй л дээ. Багшийн мэргэжил бол тасралтгүй хөгжиж байдаг мэргэжил. “Шавьдаа хамгийн хурдан гүйцэгдэж байгаа багшийг хамгийн сайн багш гэнэ” гэсэн үгтэй би санал нийлдэг. Сайн шавь төрүүлэх нь л багш хүний хамгийн эхний зорилго шүү дээ.
-       Та хэл бичгийн ухааны тэнхимийн багш нараа танилцуулна уу?
-       Манай тэнхим  арав орчим  багштай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 
   
   Зураг дээр өвөр эгнээнд баруун гараас англи хэлний багш магистр Т.Сайнбаяр, тэнхимийн эрхлэгч англи хэлний багш докторант Б.Мөнхцоож, монгол хэлний багш доктор Г.Буянтогтох, монгол хэлний багш доктор Г.Даваажаргал, арын эгнээнд баруун гар талаас англи хэлний багш магистр З.Мөнхзул, англи хэлний багш магистрант Ш.Дэлгэрмөрөн, англи хэлний багш магистр С.Ролмаа, уран зохиолын багш докторант Б.Хурцтуяа, монгол хэл уран зохиолын багш магистр Б.Чимэг-эрдэнэ нар сууж байна. Бүгд л дадлага туршлагатай, хүүхдийн төлөө сэтгэлээ чилээж явдаг хүмүүс дээ.


-       Энд, тэндгүй л англи хэлний курс, дамжаа байх юм даа. Багшийн мэргэжлээр төгсөж буй хүмүүст ажлын байр хэр олдож байна вэ?  
-       Хангалттай сайн ажиллаж байгаа. Тэр олон курс дамжаанд тань манай төгсөгчид багшилж байна шү дээ. Манай тэнхимийн монгол-англи хэлний болон монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр нийт мянга гаруй мэргэжилтэн төгссөний 80 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Олон шавь нар маань хот хөдөөгийн сургуулиудад амжилттай сайн багшилж явна. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд л анхны жилдээ багшилж байгаа “Хүрээ” дунд сургуулийн англи хэлний багш Б.Буяндалай ур чадварын уралдааны сургуулийн аварга болж, “Наран” дунд сургуулийн багш Ч.Болор-Эрдэнэ англи хэлний багш нарын ур чадварын дүүргийн уралдаанд 5-р байрт шалгарч байсан бол “Орчлон” сургуулийн багш Атарцэцэг багш нарын улсын олимпиадад тэргүүн байр (2010 онд), 46-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш Миеэгомбо нийслэлийн багш нарын сурган хүмүүжүүлэх уншлагад тэргүүн байр (2011 онд) эзэлсэн гээд  манай тэнхимийн бахархал болсон олон сайхан шавь нар маань бий. Мөн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D) Т.Баясгалан манай тэнхимээс төрөн гарсан.
-       Оюутнууд дугуйланд хэр  хамрагдаж байна вэ?
-       Манай Хэл бичгийн ухааны тэнхимийн харьяанд оюутнуудын авъяас чадвар, бие даасан бүтээлч сэтгэлгээг  хөгжүүлэхэд чиглэгдсэн англи хэлний   Talk now” клуб, бийрийн бичлэгийн  “Арвин бийр”, уран зохиолын “Шинэ нахиа” дугуйлангууд хичээллэж байна.  Оюутнууд чөлөөт цагаараа, үнэ төлбөргүйгээр бие даан эрдэмд шунан дурлахад энэ дугуйлан сайн нөлөөтэй. Байр, багш, номын сан гээд хэрэгцээтэй бүхнийг сургуулиас хангадаг юм. Сайн оролцоноо.
-       Тэнхимийн хувьд хичээлээс гадуур  зохиодог уламжлалт ажлууд олон уу?
-       Монгол - англи хэлний болон монгол хэл-уран зохиолын багш мэргэжил сурталчлах 7 хоног, англи хэлний олимпиад, монгол бичгийн олимпиад, уншигчдын бага хурал, багш оюутны эрдэм шинжилгээний хурал болон мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаан, төгсөгчдөдөө зориулсан сургалт, сургуулийн графикт урлаг спортын арга хэмжээнүүд жилийн ажлын төлөвлөгөөний дагуу явагддаг. Бид хотын төдийгүй хөдөө орон нутгийн багш нарт зориулсан модуль сургалтуудыг амжилттай зохион байгуулдаг туршлага, дадлагатай болсон.
Танай тэнхимийн хувьд оюутанд үзүүлдэг тэтгэлэг, хөнгөлөлт бий юу?
Эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад утга зохиол судлаач, шүүмжлэгч зохиолч Ц. Мөнхийн нэрэмжит цалин, англи хэлний мэдлэг чадвараа богино хугацаанд дээшлүүлж тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргасан оюутнуудад англи хэлний сургалтыг дэмжих “Daniel” сангийн нэрэмжит тэтгэлэг олгодог уламжлалтай.
Одоогийн хүүхдүүдийн ном унших тал дээр таны бодол?
Эх хэлнийхээ яруу тансагийг мэдрэх, төрөлх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж сурахын үндэс нь ном уншихтай яахын аргагүй холбоотой. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “унших бичиг” хичээлийг хөтөлбөрөөс хассан нь хүүхдийг номонд дурлах, уншсан зүйлээ ойлгомжтой илэрхийлж сурах дадал хэвшлээс нэлээд хөндийрүүлсэн гэж боддог. Нөгөө талаас хүүхдэд зориулсан ном зохиолын ялангуяа орчуулгын зохиолуудын хэл найруулга нэлээд ядмагхан байгааг хаана хаанаа бодмоор л санагддаг даа.

 Хатагтай Мөнхцоожийн зохиосон болон хамтран бичиж хэвлэсэн \Ном, сурах бичиг\ цөөнгүй болон биз дээ?
Р.Уэллек, О.Уоррен “Уран зохиолын онол” (хамтарсан орчуулга УБ.,1998), “Teach yourself English( УБ., 2000), “Англи хэлний хэл зүй” (УБ.,2005), “Methodology of teaching English(УБ., 2012) , “Reading and Speaking(УБ., 2012) зэрэг ном сурах бичгийг сургалтандаа хэрэглэж байна.
Баярлалаа. Танд амжилт хүсье.
С.Оюунчимэг









 

No comments:

Post a Comment